Шувууны танхим

Монгол оронд 19 баг 61 овгийн 472 зүйл шувуу бүртгэгдээд байна. Тэдгээрийн 81 нь суурин, 391 нь нүүдлийн ба дайрч өнгөрдөг зүйлүүд.


Байгалийн түүхийн музейд 17 баг 46 овгийн 257 зүйл шувууны цуглуулга байна. Шувууны танхим нь 2 үндсэн танхимаар үзмэрүүдээ дэглэн харуулдаг. Эхний танхимд монгол орны ойт хээр, тал хээр, говь цөлийн бүсүүдэд тархан амьдардаг шувууд, дараагийн танхимд монгол оронд нүүдлээр ирдэг ус намгийн шувуудын үзмэрүүд бий.


Нэгдүгээр танхимд Хөхөөтөн (1 зүйл), Тагтаатан (3 зүйл), Ураацайтан (5 зүйл), Тоншуултан ( 5 зүйл), Тахиатан (5 зүйл), Бор шувуутан (60 гаруй зүйл), Шонхортон (18 зүйл), Уультаны (6 зүйл) багийн шувууд бий.


Монгол оронд тэмдэглэгдсэн Шонхорынхоны овгийн 10 зүйлээс шонхороос манай музейн үзмэрт идлэг, начин, зээрд, турамтай, амарын, шууман, хайргуун зэрэг 7 зүйл шонхор байна. Харцгайнханы овгийн 4 зүйл сараас шилийн, ойн, талын гэсэн 3 зүйл сар; 6 зүйл хулдаас намгийн, саарал зэрэг 2 зүйл хулд; 4 зүйл бүргэдээс цармын, бор гэсэн 2 зүйл бүргэд; 4 зүйл харцагаас 1 зүйл үлэг харцага; нөмрөг тас, ухаа хажир, ооч ёл; Уулийнханы овгийн 12 зүйлээс хотны бүгээхэй, эгэл шаршувуу, цагаан уульж, хув ууль, харсуун бэгбаатар зэрэг зүйлүүд байна.


Тахиатаны баг Гургуулынханы овгийн 6 зүйлээс дагуур ятуу, зэрлэг гургуул, эрээнхавирга хахилаг зэрэг 3 зүйл, Хурынханы овгийн 6 зүйлээс нургийн сойр, шивэр хөтүү зэрэг 2 зүйл бий.



Хоёрдугаар танхимд Хиазтаны багийн 30-аад зүйл шувуу, гахуутан, хотонтон, шунгууртан, галуутаны багийн 26 зүйл шувуу байна. Ихэнх зүйлүүд нь галуутаны багт багтана. Гахуутаны багаас хилэнгүеэ гахуун, хотонтоны багаас тураг гогой, шунгууртаны багаас отгот шунгуур, халтар шунгуур, галуутаны багаас анхидал ангир, хондон ангир, хээрийн галуу, хошуу галуу, хотонтоны багаас борцгор хотон, галуутаны багаас гангар хун, өрөвтастаны багаас хөх дэглий, усны бухшувуу, цасч дэглээ, цагаагчин халбагат, хар өрөвтас, тогоруутаны багаас жороо тоодгой, хонин тоодог, хархираа тогоруу, өвөгт тогируу зэрэг зүйлүүд бий.


Эдгээр шувуудаас хээрийн галуу, хошуу галуу, байгалийн нугас, борцгор хотон, гангар хун, цасч дэглээ, цагаагчин халбагат, хонин тоодог, жороо тоодгой зэрэг зүйлүүд Монголын улаан номонд орсон.

Сэтгэгдэл

  1. avatar
    Reply
    John Doe says

    There have been human health concerns associated with the consumption of dolphin meat in Japan after tests showed that dolphin meat contained high levels of mercury.