ТҮҮХЭН ЗАМНАЛ

Байгалийн Түүхийн музейг байгуулсан нь


БНМАУ-ын Засгийн Газрын дэргэдэх Соёл урлагийн хөгжлийн хорооны даргын 1991 оны 05-р сарын 13-ны өдрийн 116-р тушаалаар Монгол Ардын Хувьсгалын музейг татан буулгаж, шинээр “Үндэсний Түүхийн музей”-г байгуулж захирлаар Ичинхорлоогийн Лхагвасүрэнг томилсон байна. Мөн оны 08-р сарын 23-ны өдөр Соёл урлагийн хорооны даргын 214-р тушаал гарч Улсын Төв музейн байгалийн тасгийг өргөтгөх үндсэн дээр одоогийн байранд нь Монголын Байгалийн Түүхийн музейг байгуулжээ. Төв музейн нэрийг өөрчлөн Байгалийн түүхийн музей гэж нэрлэн Төв музейн захирал МУСГЗ П.Даваасамбууг ажлаас чөлөөлж шинээр байгуулагдсан Байгалийн Түүхийн Музейн захирлаар Алтангэрэлийн Пэрлээг томилсон байна. Шинэ музейнүүдийг байгуулахдаа хөгжилтэй орнуудын жишгээр төрөлжүүлэн хөгжүүлэхийг үндэслэл болгожээ. 1994 оны 06-р сард Соёлын Сайдын тушаалаар Үндэсний музей байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гарган, арга хэмжээг музейнүүд салбарлан үүссэн Байгалийн Түүхийн музейд төвлөрүүлэн зохион байгуулсан байна.

Шинээр байгуулсан Байгалийн Түүхийн музейг төвхнүүлэх их ажил үндсэндээ 1992 оноос эхэлжээ. 1991 онд орлогч захирлаар томилогдсон Пунцагийн Эрдэмбатыг 1993 онд захирлаар ажиллуулах шийдвэр гарчээ. 1991 оны байдлаар Улсын Төв музей 50,000 орчим үзмэртэй байсны 84% буюу 42000 нь Түүх угсаатны зүйн үзмэр тул Үндэсний Түүхийн музейрүү шилжүүлжээ. Үлдсэн 8000 орчим үзмэр байгалийн олдвор үзмэр байжээ. Ингээд Байгалийн Түүхийн музейг шинээр байгуулахын тулд олон арван жилийн турш цуглуулсан хуучин үзмэрүүдээ ашиглах, сэргээх ажил өрнөсөн байна. Үүний зэрэгцээ музейд байхгүй амьтадыг агнаж шинээр чихмэл хийх өвс ургамал, ашигт малтмалын дээжсийг цуглуулах, үзмэр болгон бэлтгэх, тодорхойлолт тайлбар хийх ажлыг эхлүүлсэн юм. П.Эрдэмбат даргын удирдсан хамт олон 1991-2004 оны хооронд 21 удаагийн хайгуулаар 2029 ширхэг үзмэр цуглуулж сан хөмрөгөө арвижуулжээ. Эдгээр цуглуулгын дотор ховор үзмэрүүд бий. Тухайлбал 1989 оны 11-р сард МУСГЗ чихмэлийн мастер Л.Цэвэл чихмэлчин-агнуурзүйч Ж.Цогтбаяр нар Говь-Алтайн Шарга сумаас Цоохондой мий агнаж 1991 онд үзмэр болгон дэглэсэн. Цоохондой нь ховор амьтан бөгөөд улаан номд орсон, тус музейн сонирхолтой онцлог үзмэрийн нэг юм.

Мөн 1989 оны 4-р сард Л.Цэвэл, Ж.Цогтбаяр нар Дорнод аймгийн Дашбалбар сумаас усны бух шувуу агнан чихмэл хийжээ. 1997 оны 11-р сард музейн захирал П.Эрдэмбат, чихмэлчин МУСГЗ Д.Дагиймаа, ЭША Ж.Цогтбаяр нарын бүрэлдэхүүнтэй баг Дорнод аймгийн Сүмбэр сумын нутагт орших Хан чандмань уулын зүүн суганаас буган хандгай агнаж 1998 онд чихмэл хийж байрлуулжээ. Энэ сүрлэг буган хандгай нь музейн онцгой сайхан үзмэрийн нэг бөгөөд зөвхөн арьс нь УАЗ-469 машины ачааны хэсэгт арай ядан багтаж байсан тухай тэд дурссан байдаг. Энэ ажилд жолооч Ч.Галбаатар, байгаль орчны байцаагч Д.Мягмарсүрэн, хилийн заставын дарга Ч.Эрдэнэцогт нар ихээхэн туслалцаа үзүүлсэн байна. 1991-2004 он бол улс орны нийгмийн шилжилтийн эхэн үе тул хөрөнгө санхүүгийн хүндрэл соёлын салбарт хамгийн гол асуудал байсан юм. Энэ нөхцөлд музейн захиргаа хамт олон бүхий л бололцоогоо дайчлан байж физик газарзүйн, геологи, ашигт малтмалын, шувууны палеонтологийн, ургамлын, шавж, хоёр нутагтны, хөхтөн амьтны, хүний гарал үүслийн гэсэн үндсэн 8 чиглэлээр 40-өөд танхимд үзмэрээ дэглэн харуулсан түүхтэй. Түүнчлэн барилгадаа их бага засвар хийжээ. Олон жил үргэлжилсэн цуглуулгын энэ нүсэр ажлын голыг чихмэлчин МУСГЗ Д.Дагиймаа, МУСГЗ Л.Цэвэл, лабораторийн эрхлэгч чихмэлчин Ж.Цогтбаяр, ЭША Ч.Хишигжаргал, В.Гүндэгмаа, С.Урантөгс, Ч.Дулмаа, тасгийн дарга Г.Цэрэндолгор, зохион байгуулагч Т.Энхцэцэг, Т.Нацагмаа, МУСТА зураач Н.Амгаланбаатар, тайлбарлагч Б.Баасансүх, Г.Уламбаяр, МУСТА үзмэр харагч Л.Зоригт, Ш.Алтанзагас, Ц.Баяраа, ажилчин Ш.Цэнд-Аюуш, Ш.Лхамхүү, Т.Бадамханд, Ц.Цэрэн-Янжин, М.Чимид, Г.Баярт, Л.Дүгрээ, Г.Садий, О.Баатар, Г.Нямаа, Н.Жанчивдорж, Г.Очирбал, Б.Батдорж, Г.Долгоржав, Г.Цоодол, Ж.Баатарзул, М.Шаравдорж, Ч.Галбаатар, Ц.Жээлхам, Ч.Төмөрхүч, Н.Баатар, ЭША Б.Алтантуяа, Д.Батдэлгэр, сан хөмрөгч Б.Буд, үзмэр харагч Д.Пагмасүрэн, Д.Цагаанчулуун нар үүрчээ.ОХУ-ын болон БНХАУ,Японы хэд хэдэн музейтэй холбоо тогтоож харилцан туршлага солилцох хамтын ажиллагааг эхлүүлсэн байна

Монгол улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 60 жилийн ойг 1984 онд тэмдэглэхэд Улсын Төв музейг Төр засгаас Алтан гадас одонгоор шагнасан нь одоо Байгалийн Түүхийн музейд хадгалагдаж байна. Улсын Төв музейг хөгжүүлэхэд бүхий л талаар зүтгэл гаргаж ажилласан олон хүний хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлсэн байдаг. Чихмэлийн мастер Д.Цэвэл, зураач Н.Нанзадсүрэн нар Соёлын Гавъяат зүтгэлтэн цолоор ахмад ажилтан Н.Халзаа Алтан гадас одонгоор, ахмад ажилчин Д.Сүхбаатар судлаач О.Баатар, МУГ-ын дарга агсан Д.Гэрэл нар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтангадас одонгоор шагнагдаж байв. МУГ-ын дарга бөгөөд Төв музейн захирлаар ажиллаж байсан П.Даваасамбуу агсан мөн Соёлын Гавъяат зүтгэлтэн цолоор шагнагдсан байна. Соёлын Гавъяат зүтгэлтэн нэрт уран барималч Д.Дамидмаа Соёлын Гавъяат зүтгэлтэн Д.Саранчимэг нар тус музейд олон жил бүтээлч хөдөлмөрөө зориулсан билээ. Тасгийн эрхлэгч Ц.Жаргалсайхан музейн шувууны сан хөмрөгийг арвижуулахад ихээхэн зүтгэл гаргаж ажилласан байдаг. Сүүлийн 10 гаруй жил хээрийн хайгуулын багийг амжилттай удирдаж нийт сан хөмрөг, тэр дундаа хөхтөн амьтны сан хөмрөгийг арвижуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн ЭШАЗ-н тасгийн дарга Н.Жавзмаа, музейн захирлаар 12 жил ажилласан П.Эрдэмбат нар Алтангадас одонгоор энгэрээ мялаасан байна. Байгалийн Түүхийн музейг анхнаас нь бие даан байгуулах, сан хөмрөгийг арвижуулах, мэргэжлийн боловсон хүчнийг бэхжүүлэх, үзмэр үзүүллэг дэглэлтийг шинэ шатанд гаргах ажлыг 12 жилийн турш гардан удирдсан, монгол улсын соёлын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан МУСТА, Үндэсний бөхийн зүтгэлтэн, ахмад захирал П.Эрдэмбат орчин үеийн улсын тэргүүлэх зэргийн музейг шинэ захирал Н.Зоригтбаатарт 2005 онд хүлээлгэн өгөөд гавъяаныхаа амралтанд суусан билээ. Музейн нийт хамт олон, шинэ удирдлагын зүгээс сан хөмрөгөө арвижуулах түүнд дүн шинжилгээ хийх, үзмэрийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, бүртгэл мэдээллийг шинэчлэх, эрдэм шинжилгээний тодорхойлолтыг үзмэр бүрт хийх, судалгаа шинжилгээний ажлыг шинэ түвшинд хүргэж ахиулах, материаллаг баазаа бэхжүүлэх, мэргэжилтнүүдийг орчин үеийн техник хэрэгсэлээр хангах, боловсон хүчнээ чадавхижуулах, тэднийг давтан сургах, үргэлжлүүлэн сургах, ялангуяа гадаад харилцаагаа хөгжүүлэх гэсэн чиглэлийг эрхэм зорилгоо болгон ажилласан юм. Ингэснээр музей бүх талаараа бэхжин улмаар үзэгчдэд тав тухтай орчин бий болж хүүхдэд ээлтэй байгууллага болох зорилт хэрэгжинэ гэж үзсэн болно. Үзмэрээ баяжуулна гэдэг хамгийн том зорилт байв. Үүний тулд хээрийн хайгуулыг 2005-2013 оны хооронд 19 удаа зохион байгуулж нийт 2904 үзмэр цуглуулж олон арван олдворыг үзмэр болгон бэлтгэж үзэгчдийн хүртээл болгосон. Эх орныхоо дөрвөн зүг найман зовхист олон мянган км явж цуглуулга хийж, үзмэр болгон бэлтгэх хүчир ажилд ЭШАЗ-н тасгийн дарга Н.Жавзмаа, чихмэлийн мастер Ж.Цогтбаяр, Эрдэм шинжилгээний ажилтан Б.Бадамцэцэг, Д.Жанат, Г.Цэцэгбадам, Т.Дашбат, МУСГЗ Д.Дагиймаа, ЭША Б.Алтантуяа, В.Гүндэгмаа, Доктор Т.Тодгэрэл нар чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Эрдэм шинжилгээний тасгийн хамт олны цуглуулсан зүйлс, боловсруулалт хийж бэлэн болгосон үзмэрийг нэг бүрчлэн бүртгэж данслах, зурагжуулах, хаягжуулах, хэмжих зэрэг чимхлүүр ажлыг бүртгэл мэдээллийн санч М.Түмэндэмбэрэл, Д.Буд агсан, сан хөмрөгч Э.Дэлгэрмаа, тасгийн дарга Доктор Т.Тодгэрэл нар олон жилийн турш хийж ирлээ. Сан хөмрөгийн дээрх баг 2008, 2012 оны музейн сан хөмрөгийн улсын тооллогын ажилд 2 удаа улсад тэргүүлээд байна.

Музейн хамгийн чухал ажлын нэг болох үзмэр хадгалах, хамгаалах тал дээр онцгой анхаарч ирлээ. Маркетингийн менежер Ж.Мяндасын ахласан М.Түмэндэмбэрэл, Ж.Цогтбаяр, Б.Бадамцэцэг, Д.Жанат нарын бүрэлдэхүүнтэй менежментийн баг 2009 онд Азийн 12 орны дунд зарласан төсөлд шалгарч Япон улсын Засгийн газрын соёлын буцалтгүй тусламжаар 460 сая төгрөгийн үнэ бүхий гурван янзын 33 шилэн хорготой болж үнэт ховор үзмэрээ найдвартай хадгалах нөхцөлийг бүрдүүлсэн юм. Сан хөмрөгийн фондыг зориулалтын тавиур, шүүгээ хайрцгаар хангахад 2013 онд 220 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болно. 2009 онд музейн үзмэрийн нийт танхим, сан хөмрөгийн фондын 70-аад хувь, 2012 онд 10%-ийг хяналтын камер болон галын дохиололоор төхөөрөмжилсөн. 2012 онд үзмэрийн танхимын 60%, фондын барилгын цонх хаалгыг 100% хамгаалалтын бэхэлгээтэй болгосон. 2013 онд үндсэн үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор бүх үзмэрээ зориулалтын саванд савлаж хаягжуулан хадгалалтын горимд 100% шилжүүлсэн. Үзмэрийг хадгалах, хамгаалах, тоолж бүртгэлжүүлэх, зөөж тээвэрлэх, зурагжуулах ажилд аж ахуйн тасгийн дарга С.Галбадрах, ахлах ня-бо Ш.Дуламсүрэн, нярав Ж.Бат-Орших, ажилтан М.Энхбаяр, Ж.Оюунгэрэл, Ч.Ганбат, Т.Машбат, Д.Ганболд, Д.Буд, Л.Отгон, Г.Надмид, Ө.Боргилтуяа, П.Ариунзул, Б.Сарантуяа, Ж.Алимаа, Н.Отгонжаргал, Б.Буянзаяа, Д.Бат-Очир, Д.Пагмадулам, Г.Уламбаяр, Л.Пүрэвгарам, Ж.Байгалмаа, С.Нандин-Эрдэнэ, зураач дизайнер О.Мөнхбаясгалан, Т.Мөнхзул, Ш.Энхбаатар, Ц.Мягмаржав, Шувуу судлаач О.Соронзонболд, З.Алтантөгс нар ихээхэн хичээл зүтгэл гаргаж ажилласан юм.

Үзмэр дэглэлтийн шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах, судалгаа шинжилгээний ажлыг шинэ түвшинд гаргахын тулд гадаад дотоодын төрөл чиглэл ойролцоо байгууллагууд, тухайлбал МУИС, МУБИС-ийн биологийн салбар сургуулиуд, ШУТИС-ийн геологийн сургууль, Геоэкологи, Биологи, УХЭШХ, Ботаникийн хүрээлэнгүүдтэй ойр дөт хамтран ажиллаж байна. Өндөр хөгжилтэй орнуудын музейтэй мөр зэрэгцэн явахын тулд 2006 оноос эхлэн гадаад харилцаагаа хөгжүүлэхэд юу юунаас илүү анхаарч ажиллав. 2013 оны байдлаар БНСУ-ын ШУТМ, Хуасон хотын болон Чежүдүгийн БТМ, Чанжогийн БТМ, Биологийн болон Биотехнологийн хүрээлэнгүүд, Япон улсын Азабу Их сургууль, Тоёоко хотын музей, БНХАУ-ын Бээжингийн болон Тяньжиний БТМ, Бельги, Францын ШУ-ны музей, Италийн Милан хотын БТМ, ОХУ-ын Буриадын БТМ зэрэг олон музейтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажлын туршлага солилцож, боловсон хүчнээ сургаж дадлагажуулж, үзэсгэлэн гаргах хамтарсан хайгуул зохион байгуулж судалгаа шинжилгээний бүтээл хэвлүүлж олон түмний хүртээл болгох чиглэлүүдээр ажиллаж байна. Музейн мэргэжилтэй боловсон хүчнүүд 100% магистрын зэрэгтэй болж 2013 онд 1 хүн докторын зэрэг хамгааллаа. 2005-2013 оны хооронд гадаадын тусламж дэмжлэг, дотоодын төслөөр 900 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Тус музейн барилгыг цаашид ашиглах боломжгүй болсон тул шинээр зориулалтын барилгатай болох шаардлага гарлаа. Шинэ барилга нь хуучнаасаа хэмжээний хувьд гурав дахин том байх болно. Шинэ барилгатай болохоос өмнө олон талын судалгаа шинжилгээ хийж, ирээдүйн шинэ музейн концепцийг (үндсэн чиглэл) 2013 онд багтаан боловсруулж дууссан. Хамтын ажиллагаатай гадаад дотоодын музейн мэргэжилтнүүд, чиглэл болгоны эрдэмтэн судлаачдын саналыг тусгасан шинэ концепци нь юуны өмнө одоо байгаа үзмэрийн сан хөмрөгийн нөөц дээрээ тулгуурласан юм. Нөгөө талаар байгаа нөөцөө 3-5 жилийн дотор наад зах нь 30-аас доошгүй хувиар шинэчлэх, мөн сэргээн засварлах зорилго тулгарч байна. Тэрчлэн уламжлалт таван хошуу малынхаа удам угсаа, эрхлэх арга ажиллагааг өргөн дэлгэж үзүүлэх шаардлага гарч байна. Дэлхийд алдартай Монголын их говиуд, тусгай хамгаалалттай, давтагдашгүй унаган төрхтэй гайхамшигт байгалиа, тухайлбал Хөвсгөл, Увс нуурууд, Бурхан Халдун уул, Орхоны Хүрхрээ, Хэрмэн цав зэрэг газруудаа музейд бодит байдалтай нь адилтган дэглэж үзүүлэхээр төлөвлөж байна. Мөн дэлхийд нөөцөөрөө, түүнд нэвтрүүлж буй техник технологиороо дээгүүрт бичигдэх болсон Оюутолгой, Тавантолгойн орд газруудын рельеф, технологийг модель загвараар дэлгэн үзүүлэх зайлшгүй хэрэгцээ үүссэн. Амьд байгалийг, амьтан ургамлыг үзүүлэхдээ хүн болгонд тэр дундаа хүүхэд багачуудад ертөнцийг хайрлах хамгаалах үзэл бодол төлөвшүүлдэг тэр чиглэлд илүү их анхаарч дэглэлтийн шинжлэх ухааны үндэслэлийг боловсронгуй болгохоор төлөвлөсөн. Энэ бүхэн нь эцсийн эцэст хүнд, тэр тусмаа хүүхэд багачуудад ээлтэй музей болох давхар зорилгыг агуулж байгаа юм. Хуучин музейн үндсэн 7 чиглэл нь дан байгалийн түүхээ харуулж байсан бол шинэ музей нь шинжлэх ухаан техник технологийн ололтыг үзэгчдэд ойр дөт харуулах, ойлгуулах том зорилтыг хангах шаардлагатай болж байгаа юм. Орчин цагийн үзэгчдийн шаардлагад нийцсэн, хүнд мэдлэг боловсрол олгохоос гадна, хамгийн таатай тухтай орчин бүрдүүлсэн Байгал Шинжлэх Ухааны Үндэсний музейтэй болох цаг монголчууд бидний зайлшгүй хэрэгцээ болчихоод байна.


Н.Зоригтбаатар 2014.03.18