“ГОВЬ” түр үзэсгэлэн нээлтээ хийлээ

Байгалийн түүхийн музей, Монголын Урчуудын Эвлэл, Монументаль чимэглэлийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж буй “Үлэг гүрвэлийн өлгий нутагт” сэдвийн дор говийн үзэмжит байгаль, ан амьтан, зүй тогтлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулагдаж байгаа “Gobi” уран зураг, уран баримал хосолсон түр үзэсгэлэнг 2024.01.19-ний өдөр албан ёсоор нээлтээ хийлээ.
Тус үзэсгэлэн нь Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа байгалийн сэдэвт уран зургууд, Монголын Урчуудын Эвлэлийн уран зураач, барималчдын говийн үзэсгэлэнт байгалийг илтгэсэн бүтээлүүдийг нийтийн хүртээл болгож байгаагаараа онцлог үзэсгэлэн боллоо.
Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээний үеэр Байгалийн Түүхийн Музейн захирал И.Будбаяр, Монголын Урчуудын Эвлэлийн ерөнхийлөгч П.Ганбат нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Дүрслэх урлаг, музей хоорондын уялдааг өргөжүүлж Монголын үзэсгэлэнт байгаль, Зэрлэг ан амьтан хамгааллын олон талт ажлыг санаачлан хамтран зохион байгуулахаар тохиролцов.