Аймшигт үлэг гүрвэл – Тарбозавр батаар
Шинжлэх ухааны нэр: Tarbosaurus bataar
Нэрийн утга: Лат. tarbo = аймшигт, saurus = үлэг гүрвэл, bataar=баатар
Биеийн хэмжээ: Урт 10-12 метр, Өндөр 4 метр, Жин 2-3 тонн
Идэш тэжээл: Махан идэшт
Олдворт газар: Монгол улс, Өмнөговь аймаг, Нэмэгтийн давхаргадас
Геологийн цаг хугацаа: Хожуу цэрд (71-65 сая жилийн өмнө)
Ангилал зүй: Theropoda Marsh, 1881 Tyrannosauridae Osborn, 1905 Tarbosaurus Maleev, 1955 Tarbosaurus bataar Maleev, 1955
Тарбозавр батаар нь цэрдийн галавт амьдарч байсан махан идэшт аварга үлэг гүрвэлүүдийн хамгийн томд тооцогддог. Хойд хөлөөрөө түргэн хөдөлж, урт сүүл нь уг хавьдаа том булчинтай тул сүүлээ хэвтээ шахуу төвшинд өргөж тогтоож, хөдөлгөөний үед тэнцвэрийн үүрэг гүйцэтгэдэг байв. Энэ үзэсгэлэнд дэлгэн үзүүлж буй Тарбозавр батаарын биеийн урт 7,5м, өндөр 2,5м, 75% нь чулуужсан олдвор, үлдсэн хэсэг нь хуулбар юм.
Нугас хошуут үлэг гүрвэл – Зауролоф
Шинжлэх ухааны нэр: Saurolophus sp.
Нэрийн утга: Лат. sauros = гүрвэл, lophus = шовх оройт
Биеийн хэмжээ: Урт 7-12 метр, Жин 1.9-2.1 тонн
Идэш тэжээл: Өвсөн идэштэн
Олдворт газар: Монгол улс, Өмнөговь аймаг, Нэмэгтийн давхаргадас
Геологийн цаг хугацаа: Хожуу цэрд (71-65 сая жилийн өмнө)
Ангилал зүй: Ornithopoda Marsh, 1881 Hadrosauridae Cope, 1869 Hadrosaurinae Lambe, 1918 Saurolophus Rozhdestvensky, 1952
Уг овогт хамгийн үлэмж биет шувуун аарцагт өвсөн идэшт үлэг гүрвэлд хамааруулдаг. Хэвийн байдалд хойд хоёр хөлөөрөө явдаг боловч, түгшүүртэй нөхцөлд дөрвөн хөлөөрөө явж аюулаас зугтдаг байсан хэмээн таамагладаг. Нэмэгтийн хөндийд орших Луугийн булш нэртэй олдворт газарт Завролоф (Saurolophus) үлэг гүрвэлийн олдвор олноороо олддог бөгөөд тэдний заримынх нь арьсны дардас хадгалагдан үлдсэн байдаг. Завролоф үлэг гүрвэлийн сүүл нь хөндлөн судалтай байсныг гэрчлэх арьсны дардас олддог.
Өндөг хулгайлагч үлэг гүрвэл – Овираптор
Шинжлэх ухааны нэр: Oviraptorosauria.
Нэрийн утга: Лат. ovi = өндөг, raptor = хулгайлагч sauria = гүрвэл
Биеийн хэмжээ: Урт 1.5-2.5 метр
Идэш тэжээл: Холимог идэшт
Олдворт газар: Монгол улс, Өмнөговь аймаг, Жодохтындавхаргадас
Геологийн цаг хугацаа: Хожуу цэрд (84-80 сая жилийн өмнө)
Ангилалзүй: Theropoda Marsh, 1881 Oviraptorosauria Barsbold, 1976
1923 онд АНУ-ын Байгалийн Түүхийн Музейн судлаач Рой Чепмен Эндрюсээр удирдуулсан Төв Азийн экспедицийн эрдэмтэд өндгөн дээр байрласан байдалтай овираптор үлэг гүрвэлийн хэлхээ ясыг анх олж илрүүлжээ. Судлаачид чулуужсан өндгийг нь эвэрт үлэг гүрвэлийн өндөгт хамруулсан бөгөөд гол шалтгаан нь эвэрт үлэг гүрвэлийн зулзаганы хэлхээ яснаас эхлэн өсөлтийн бүх үе шатны олдвор олдсон явдал юм.
70 жилийн дараа Овирапторын үүрэн дотроо өндгөө дарсан Ситипати зүйл олдсон бөгөөд чулуужсан өндөг нь Овирапторын өндөг болохыг баталсан. Ийнхүү “өндөг хулгайлагч” маань даруй “Энэрэнгүй их ээж” (Big mama) болон хувирсан.
Хуягт үлэг гүрвэл – Анкилозавр
Шинжлэх ухааны нэр: Ankylosauridae sp,
Нэрийн утга: Лат. ankylo = хуяг, sauros = гүрвэл
Биеийн хэмжээ: Урт 2.5-8 метр, Жин 5-7тонн
Идэш тэжээл: Өвсөн идэштэн
Олдворт газар: Монгол улс, Өмнөговь аймаг, Жодохтын давхаргадас
Геологийн цаг хугацаа: Хожуу цэрд (71-65 сая жилийн өмнө)
Ангилалзүй: Thyreophora Nopsca, 1915 Ankylosauridae Brown, 1915
Анкилозаврын толгой, их бие нь хуягаар хучигдсан, хөдөлгөөний хувьд хэдий удаан болхи байсан боловч хараа нь хурц, үнэрлэх эрхтний хөгжил сайтай, дөрвөн хөл дээрээ явагч үлэг гүрвэл юм. Сүүлний үзүүр хэсгийн том ясан мунаны тусламжтайгаар бусад махан идэшт үлэг гүрвэлүүдийг ойролцоогоор 1390 килограмм цохилтын хүчээр бусад амьтдыг цохиж биеэ хамгаалдаг байсан.
Хан хөгшин солир:
Тус солирыг 1957 оны 9 – р сард О. Намнандорж Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын нутагт Тээлийн голын баруун хажууд орших Хубилай цэцэн хааны цэргийн хот гэдэг хэмээх түүхийн дурсгалт газрын эвдэрхий балгаснаас анх олсон. Анх олоход хар өнгөтэй, төмрийн хүдэр мэт том хэсэг нь урт 9 – 10 см, өндөр нь 4 см, жин 540 гр, жижиг хэсгийн урт 5 см, өргөн 3 см, өндөр 2 см, жин 80 гр нийт 620 гр олдож байсан. Геологи хайгуулын захиргааны газрын харьяа химийн лабораторийн шинжилгээний хариугаар мөн соронзон шинж чанартай байсан нь төмөр солир болох нь тогтоогдсон. Өвөрхангай аймгийн Тээлийн гол орчмын Хан-хөгшин уулын нэрээр нэрлэсэн. Хэмжээ урт: 7.6 см, өргөн: 6.6 см, өндөр: 5.6 см, жин: 506.7 гр.
Манлай солир:
Энэхүү солирыг О. Намнандорж гэдэг хүн 1952, 1953 онуудад Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт сумын төвөөс урагш 90 км орчим Гурван хараатын Молого-дэрсэнэ ус гэдэг газар байгааг нь нутгийн иргэдээс сурвалжлан байршлыг тодорхойлсон байсан ба 1955 оны 1-р сард Геологи хайгуулын хүмүүсийг олж аван дээжийн үзмэр болгож байсныг 1955 оны 5-р сард Шинжлэх ухааны хүрээлэн авч Төв музейн үзмэрт тавьсан бөгөөд олдсон сум, ойр орших уулаар нь Манлай солир гэж нэрлэсэн юм. Манлай солирын химийн найрлагад төмөр, никелийн агуулга өндөр байсан мөн хүчтэй соронзон шинж чанартай, тролит хэмээх хүхэрт төмөрлөг эрдэс их байсны үндсэн дээр төмөр солир болохыг нь тогтоосон. Манлай солир нь регмаглипт (гадаргууд халуун хийн нөлөөгөөр үүссэн хонхорцог нүх) текстуртай, хэмжээ нь: урт: 90 см, өргөн: 35 см, өндөр: 26 см, жин: 166,8 кг юм.