Монголчууд бид орчлон ертөнцийг танин мэдэхүйн оньсон түлхүүр, угсаа үндэсний аугаа их соёл бүрэлдэн хөгжих суурь болсон монгол бичгээ мянга гаруй жилийн тэртээ үеэс оройн дээд шүтээн болгон эрхэмлэж, улам болвсронгуй болгон шүтсээр ирсэн билээ. Энэхүү бичиг нь монгол үндэстэн тусгаар тогтнон хөгжин мандахын итгэл найдвар, бахархал болсоор ирсэн ба монголчуудын оюун ухааны гайхамшигт бүтээл юм.
Эртний Грекээс гаралтай согд бичгийг уйгарчуудтай нэгэн зэрэг авч хэрэглэсэн түүхтэй. Гэхдээ энэ бичиг бол 10 (арав) гаруйхан тэмдэгтээс бүрдсэн байдаг. Энэхүү бичгийг монголчууд өөрсдийн оюун ухаанаараа баяжуулан хөгжүүлж авиан дуудлага бүхий үсгүүдийг зохиож, маш нарийн дүрэм боловсруулан дэлхий дахины шилдэг бичиг болгосныг дэлхийн ба монголын нэрд гарсан цөөнгүй эрдэмтэд баталсаар ирсэн юм.
Монгол бичиг нь дэлхий дахины таван том бичгийн нэг мөн билээ. Үүгээрээ монголчуудын дэлхийн соёлд оруулсан том хувь нэмэр гэж тооцогддог юмаа. Жишээ нь, Японы нэрт монголч эрдэмтэн Озава хэлэхдээ: Монгол бичиг бол монголчуудын гайхамшигтай бүтээл юм. Согдоос авсан цөөн тэмдэгтийг цааш нь арвижуулан маш нарийн боловсронгуй дүрэм бий болгожээ. Иймээс энэхүү бичиг бол монголчуудын оюуны бүтээл юм гэж өгүүлээд, ширээтэй зүйрлэвэл согдоос авсан үсгийн тэмдэгтүүд бол ширээний нэг хөл юм.
Бусад гурван хөл, их биеийг монголчууд хийжээ. Үүнээс үзэхэд энэ ширээний нэг хөлийг хийсэн хүнийг бүтэн ширээ хийсэн хүн гэж үзэх аргагүй. Монголчууд бусад хөлнүүд, их биеийг бүтээснээрээ уг ширээг хийсэн хэмээн тооцогдох нь зүйн хэргээ. Энэ жижиг жишээг харьцуулахад монголчуудын бүтээл маргашгүй мөн юмаа хэмээн өгүүлсэн байдаг билээ.
Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн нийгэмд шилжихээс өмнө монгол бичгээ хэрэглэхээс татгалзаж кирилл бичгийг төрийн бичиг болгосонд монголчууд харамссаар ирсэн.
Монголчууд маш эрт үеэс цагаан хэрэм, Байгаль нуур, Алтайн ба Хянганы нурууны хооронд монгол угсаатан бүрэлдэн тогтож, биеэ даасан төр улсуудыг байгуулан хөгжсөөр ирсэн аугаа их түүхээ бичиж, хойч үедээ уламжилсаар монгол угсаатны нэгдлийг хангахад танин мэдэхүйн ихээхэн үүрэг гүйцэтгэсээр иржээ. Монголчууд дотроо олон овог, ястнуудаас бүрддэг бөгөөд тэдгээр олон ястнууд нь монгол хэлний олон үг, аялгуу бий болгон харилцсаар байсан юм. Үүнийг монгол бичиг нэгдсэн ойлголтонд оруулан илэрхийлдэг болсон ба Монголын олон ястан овог аймгуудын хэл яриа ойртож, Монгол угсаатны нэгдлийг баттай хадгалж, тусгаар тогтносон төр улсаа бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ бол Монгол бичгийн гүйцэтгэсээр ирсэн том гавьяа мөн. Үүнчлэн утга зохиолын хэллэг бүрэлдсэн билээ.
Ялангуяа уран зохиолын бүхий л төрлүүдийг бүтээхэд нэн тохиромжтой бичиг болохыг судлаачид, зохиолчид тэмдэглэсээр ирлээ. Жишээ нь: Дорнын их яруу найрагч Б.Явуухулан “босоо бичгээрээ яруу найраг бичихэд жинхэнэ яруу найраг болдог. Хэвтээ бичгээр бичихэд яруу найраг болж чаддаггүй юм” гэж тэмдэглэсэн байдаг. Үүнээс үзэхэд монгол бичгийн ач холбогдол нэн их болох нь тодорхой байна. Шинжлэх ухааны бүх төрлийн нэр томьёонуудыг бичихэд боломжтой ба ихэнх нэр томьёонууд монгол хэл дээр байдаг бөгөөд тэдгээрийг монгол бичгээрээ монгол ном зохиолуудад өгүүлсээр байсны дээр орчуулагдахгүй үг томьёонуудыг бичихэд гаргац сайтай, ойлгомжтой болдог билээ. Үүнээс үзэхэд монгол бичиг нь монгол хэлний эрт ба эдүгээ үеийн шаардлагыг бүрэн хангадаг болох нь тодорхой юм.
Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн нийгэмд шилжихээс өмнө монгол бичгээ хэрэглэхээс татгалзаж кирилл бичгийг төрийн бичиг болгосонд монголчууд харамссаар ирсэн байдаг юм. Түүнчлэн гадаадын нэрт эрдэмтэн, судлаачид ч харамсан өгүүлсэн байдаг. Жишээ нь: Туркийн алдарт зохиолч (коммунист) Назем Хикмет гэгч монголчууд монгол бичгээ халсныг сонсоод “Үнэхээр харамсаж байна. Танай улсын удирдагчид муу марксистууд, сайн долигоногчид юм” гэж хэлснийг их эрдэмтэн Б.Ренчин нэгэн өгүүлэлдээ дурьджээ. Энэчлэн гадаадын зарим эрдэмтэд монгол бичгээ халсныг дургүйцэн харамсаж байсан.
Өнгөрсөн зууны 90-ээд оны эцсээр ардчилсан хөдөлгөөн эрч хүчээ авч үндэсний соёл, дэвшилтэт зан заншлаа сэргээхийг хүчтэй шаардаж байв. Үүний дүнд Монгол оронд ардчилах үйл явц тайван замаар хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ үед монгол бичгээ хэрэглэх, төрийн бичиг болгох шийдвэрүүд удаа дараалан гарч, бага сургуулийн 1-р ангиудад монгол бичгийг албан ёсоор зааж эхэлсэн билээ.
Монгол Улсын Их Хурал 2015 онд “МОНГОЛ ХЭЛНИЙ ТУХАЙ” хуулийг батлан гаргаж, 2025 оноос төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахыг хуульчилсан билээ.
Үүний дүнд 60 гаруй мянган хүүхэд монгол бичигт суралцаж, насанд хүрэгчдийн дунд монгол бичигт суралцах ажил өрнөж эхэлсэн юм. Эрдэмтэн багш Ш.Чоймаа телевизээр монгол бичиг зааж олны сайшаал хүлээж байсан бөгөөд Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат тухайн үед монгол бичгийг идэвхийлэн сурч байв. Мөн Монцамэ-ийн дэргэд “Хүмүүн бичиг” нэртэй сонин хэвлэгдэн гарч олны талархал хүлээж байлаа. Тухайн үед монгол бичигт дургүй хүмүүсийн нөлөөгөөр монгол бичиг сурах гэсэн иргэдийн хүсэлтийг хойш нь татаж байсан нь харамсалтай.
Гэвч сүүлийн жилүүдэд үндэсний бичиг маань дахин сэргэж эхэллээ. 2015 онд Монгол Улсын Их Хурал “МОНГОЛ ХЭЛНИЙ ТУХАЙ” хуулийг батлан гаргаж, 2025 оноос төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахыг хуульчилсан билээ. Ингэснээр төрийн албан хаагчдын төдийгүй бүх нийтээрээ монгол бичиг сурах ажил эрчимжиж байна. Иймээс монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга монгол бичгийг төрийн бичиг болгох бэлтгэл ажлыг хангах талаар санаачилга гарган өөрөө монгол бичгийг олон нийтэд зориулан телевизээр зааж байгаа нь эх хэлээ сурах хүсэл тэмүүлэлтэй хүн бүхэнд урам зориг өгч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Академич А.Төмөртогоо зэрэг олон эрдэмтэд телевизээр зааж байгаа энэхүү хичээлүүдийг монгол бичиг сурах хөдөлгөөнийг улам өрнүүлэх уриа болж байна гэж цохон тэмдэглэсэн байна. Үүгээр үл барам зэргэлдээ улсуудад харьяалагдаж байгаа монголчуудын дунд монголын үндэсний бичиг, түүхээ судлахын төлөө амь биеэ үл хайхран тэмцэж байгаа нь монгол үндэс угсаагаа хамгаалах зорилго бүхий үйл явдал болж байна.
Монгол үндэстний бий болгож уламжлагдан ирсэн түүхэн нэг соёл, шинжлэх ухааны сэтгэлгээг хайрлан хамгаалж, түүн дээрээ үндэслэн дэлхий дахины соёл, шинжлэх ухааны шилдэг ололтуудаар баяжуулан хөгжүүлэх нь монголчуудын тусгаар тогтнолоо хамгаалж, эдийн засгаа хурдан явцтай хөгжүүлж дэлхийн хөгжилтэй орнуудын түвшинд хүргэх чухал нөхцөл болох нь хүн бүхэнд тодорхой мэдрэгдэж байгаа нь лавтай. Үндэсний соёлын салшгүй чухал хэсэг нь монгол бичиг юм. Энэ нь Монголын ариун эх хэлээ хамгаалж, баяжуулахын нэгэн нөхцөл болох нь тодорхой юм.
Миний бие монгол бичгээ залуу хойч үедээ сургахын төлөө хувь нэмрээ оруулах хүсэл төрж МУБИС, ШУТИС болон хувийн их дээд сургуулиудад монгол бичигт сургах хичээлийн төлөвлөгөө боловсруулж, өөрийн үндсэн мэргэжил болох Монголын түүхийн хичээлүүдийг заахын зэрэгцээгээр монгол бичгийн хичээлийг оюутнуудад 20 гаруй жил зааж, 10 гаруй мянган оюутныг монгол бичигт сургасан билээ. Одоо их дээд сургуулиудад монгол бичиг заахаар шийдвэрлэж, энэ ажилд ерөнхийлөгч болон төрийн удирдлагууд идэвхтэй оролцож, монгол бичгээ дахин сэргээж, төрийн албан бичиг болгох зорилт хэрэгжих хугацаа ойртож байгаад миний бие нийт ард иргэдийнхээ адил баярлаж байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Улсад 60 гаруй жил багшилсан, 94 настай өвгөн профессор Б.Онхоон