Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол орны байгаль, соёлын давтагдашгүй өвийг дэлхий дахинд сурталчлах зорилгоор ХБНГУ-ын Зенкенбергийн Байгалийн түүхийн музейтэй хамтран хэрэгжүүлж буй "Тал нутгийн хамгаалагч" олон улсын үзэсгэлэнгийн төслийн уулзалт амжилттай боллоо. Уулзалтын үеэр Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн захирал доктор Н.Манчук шинэ бүтээн байгуулалтыг танилцууллаа.
Энэхүү томоохон хэмжээний үзэсгэлэнг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд талууд олон талт хэлбэрээр албан уулзалтуудыг хийсээр байна. Монгол Улсын талаас Соёл урлагийн их сургууль, Монгол Улсын Их Сургууль болон Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль хамтран ажиллаж, үзэсгэлэнгийн төлөвлөлт, уулзалт, бэлтгэл ажлуудыг хангаж байна.
"Тал нутгийн хамгаалагч" үзэсгэлэн нь байгаль, соёл, хүний хүйн холбоо, харилцан шүтэлцээг шинжлэх ухаан болон соёл урлагийн өвөрмөц хослолоор илэрхийлсэн сонирхолтой шийдэл бүхий олон улсын үзэсгэлэн болох юм.
Олон улсын үзэсгэлэнгийн нээлт 2027 оны 4 дүгээр сард ХБНГУ-д анхлан нээлтээ хийхээр товлогдсон бөгөөд 2031 он хүртэл европ, ази тивийн орнуудаар аялан, олон улсын үзэгчдэд хүрч, Монгол нутгийн соёлын өвийг таниулах юм.