Музейн боловсролын хөтөлбөр
Байгалийн түүхийн музейн боловсролын ажлуудтай танилцана уу

МУЗЕЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

Байгалийн Түүхийн Музейн боловсролын хөтөлбөр нь танхимын болон танхимын бус хэлбэрээр ЕБС, СӨБ, ИДС-ийн хичээлийн агуулгад нийцүүлэн музейн үзмэрт түшиглэн Монгол орны зэрлэг ан амьтан, ургамал, эртний амьтдын ховор олдворуудын талаарх шинжлэх ухаанч танин мэдэхүйн мэдлэг олгохоос гадна Монголын соёлын өвийн шинжлэх ухаан, соёлын биет бус өв, соёлын салбар дахь хүүхэд хамгаалал, бүх нийтийн соёлын боловсрол олгох соён гэгээрүүлэхэд чиглэсэн байдгаараа онцлог юм. 

Байгалийн түүхийн музей нь байгаль, соёл, соёлын биет бус өвийн тухай мэдлэг олгох 11 хөтөлбөртэйгөөс энэ удаа доорх хөтөлбөрүүдийг танилцуулж байна.

  1. “АМЬТДЫН МӨР”

Агуулга: Монгол орны зэрлэг ан амьтдын амьдрах орчин, амьдралын онцлог болон амьтдын байгаль дээр үлдээдэг ул мөрийг таньж мэдэх нь ангийн мөрөөр шинжих соёлын биет бус өвтэй танилцах нэгэн түлхүүр болж өгдөг.

Ангилал: СӨБ-ын ахлах, бэлтгэл бүлэг

Хэлбэр: Танхимын болон танхимын бус 

Хэрэглэгдэхүүн: Тараах материал, 3Д баримлын шавар

 

2.“БЯЦХАН ПАЛЕОНТОЛОГИЧ”

Агуулга: Палеонтологийн шинжлэх ухаан тэр дундаа палеонтологичийн тухай ойлголт өгч Монгол орны нутаг дэвсгэр дээр 252 сая жилийн өмнө амьдарч байсан аварга биет үлэг гүрвэлүүдийн ангилал, тэдгээрийн олдворт түшиглэсэн сонирхолтой мэдээлэл олгох хөтөлбөр.

Ангилал: СӨБ-ын ахлах, бэлтгэл бүлэг, ЕБС-ийн 1-6 дугаар анги

Хэлбэр: Танхимын болон танхимын бус 

Хэрэглэгдэхүүн: Тараах материал, үлгэрчилсэн загвар

 

3.“БЯЦХАН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ”

Агуулга: Дэлхийн зэрлэг ан амьтан, ургамал хамгаалах олон улсын өдөрт зориулан хэрэгжүүлж эхэлсэн энэхүү хөтөлбөр нь Монгол орны ховор, нэн ховор, устах, устаж буй ангилалд орсон амьтдыг хайрлан хамгаалах, мөн түүнчлэн  байгаль эх дэлхийгээ хамгаалахын ач холбогдол, хог хаягдлыг ил задгай хаях хор уршгийн талаар таниулах, байгальд ээлтэй иргэнийг хүмүүжүүлэх зэрэг ач холбогдолтой хөтөлбөр. Тухайн хөтөлбөрийг хүртээмжтэй  байлгаж, оролцоог идэвхжүүлэх зорилгоор жил бүр 4-18 насны хүүхдүүдийн дунд байгаль хамгааллын сэдэвт гар зургийн уралдааныг зохион явуулж байна.

Ангилал: СӨБ-ын ахлах, бэлтгэл бүлэг, ЕБС-ийн 1-12 дугаар анги

Хэлбэр: Танхимын болон танхимын бус 

Хэрэглэгдэхүүн: Тараах материал, үлгэрчилсэн загвар

 

4.“МУЗЕЙД ӨНГӨРҮҮЛСЭН НЭГ ӨДӨР”

Боловсролын хөтөлбөр болон хөтөлбөрт арга хэмжээ

Агуулга: Байгалийн түүхийн музейд ажиллагсдын мэргэжил,  үйл ажиллагааны онцлогийг  олон нийтэд хүргэх, сурталчлах, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад  ирээдүйн мэргэжлээ сонгох, залгамж халаагаа бэлтгэх зорилготой хэрэгжүүлдэг. Мөн хамтын ажиллагаатай байгууллагууд гэр бүлээрээ нэгэн өдрийг музейд хөгжилтэй өнгөрүүлэх сэдэвчилсэн аялалд хамрагддаг ба боловсролын хөтөлбөрийн 2-3 өртөөгөөр зочилж танин мэдэхүйн мэдлэг, мэдээлэлтэй болж гэр бүлээрээ хамтдаа цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг олгодог юм.

Ангилал: ЕБС-ийн 11, 12 дугаар анги, бүх насныхан

Хэлбэр: Танхимын бус

Хэрэглэгдэхүүн: Тараах материал, хөтөлбөрийн бэлтгэгдсэн хэрэглэгдэхүүнүүд

 

Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Сайтын тоолуур
Өнөөдөр
256
7 хоногт
3486
Сүүлийн сард
112746
Сүүлийн жилд
228116
Нийт хандалт
228116
Санал хүсэлт илгээх