Аврагч ах нарын машин яг л трансформерс шиг хүчтэй.
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейгээс жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан албан хаагчдынхаа хүүхдүүдэд зориулан "Насан туршийн дурсамж 4" арга хэмжээг зохион байгуулдаг билээ.
Бяцхан үрсдээ цаг үргэлж хамгийн нандин, насан туршдаа мартагдахааргүй дурсамжийг бэлэглэхийг хичээж ирсэн.
Энэхүү арга хэмжээг “Аюулгүй гэр бүл” сэдвийн хүрээнд НОБГ-ын эрэлхэг аврагч, гал сөнөөгч ах, эгч нартайгаа нэг өдрийг хамт өнгөрүүллээ.
Хотын гудамжаар дуут дохио хадаан, бусдын амь насыг аврахаар яардаг тэр л улаан тэрэгнүүдийн дотор ямар баатрууд зорчдогийг хүүхдүүд маань өөрсдийн нүдээр харж, техник хэрэгсэлтэй нь танилцав. Галын аюул нүүрлэхэд сандралгүй өөрийгөө хэрхэн хамгаалах, хэнээс тусламж хүсэхээ сурч авсан нь энэ өдрийн хамгийн том олз байлаа.
Бидний амгалан тайван амьдралын төлөө гал дунд ч орохоос буцдаггүй, эх орныхоо жинхэнэ баатрууд болох НОБГ-ын нийт бие бүрэлдэхүүнд гүн талархал илэрхийлье.
Та бүхний минь алтан шар зам өлзийтэй байж, дуудлага бүр тань аюул осолгүй, эргэн ирэлт бүр тань баяр хөөртэй байх болтугай.
Ажлын өндөр амжилт хүсье!