УИХ-ЫН ЧУУЛГАНААР МУЗЕЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА

2021 оны нэгдүгээр сарын 28-ны УИХ-ын чуулганаар Музейн тухай хуулийг баталлаа. Ингэснээр соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалах, сурталчлах үйл ажиллагааны цар хүрээ, үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, музейн нийгэм, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх боломж бүрдэж буй юм.

Монгол Улсад музейн үйл ажиллагааг Соёлын тухай болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар ерөнхийлөн зохицуулж, Соёлын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний баталсан дүрэм, журам, заавар болон Музейн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, MNS 2006:5643 стандарт зэрэг эрх зүйн баримт бичгээр зохицуулж ирсэн.

Эдгээр хууль, эрх зүйн баримт бичгүүд нь музейтэй холбоотой олон асуудлыг шийдвэрлэж, тогтвортой хөгжлийг дэмжих хөшүүрэг болж чадахгүй байсан юм. Ялангуяа барилга байгууламжийн нөхцөл муу, санхүү хөрөнгө оруулалтын хэмжээ бага, хүний нөөцийн хөгжил сул зэрэг хүчин зүйлээс шалтгаалж соёлын өвийн хадгалалт хамгаалалтын аюулгүй байдалд бодит хохирол учирсаар байсан билээ.

Манай улсад орчин цагийн музей 1924 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар хуулийн этгээдийн бүртгэлтэй, төрийн өмчийн 12 музей, орон нутгийн өмчийн 24 музей үйл ажиллагаа явуулж байна.

  • Мөн Монголбанк, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллага, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Палеонтологийн хүрээлэн зэрэг эрдэм шинжилгээний байгууллага, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Улаанбаатарын их сургууль “Их Засаг” олон улсын их сургууль зэрэг дээд боловсролын байгууллагын дэргэд 16 бэсрэг музей, үзвэрийн танхим,
  • Олон улсын оюун ухааны музей, “Данзанравжаа” музей, Монголын Уламжлалт Анагаах Ухааны Музей, Чингис хааны өв соёлын музей, Хэлмэгдэгсдийн дурсгалын музей, Монгол костюмс музей, Цагаандариум музей, галерей зэрэг тогтмол үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн 10 гаруй музей үйл ажиллагаа явуулж байна.
  • Түүнчлэн, хөдөөгийн сум, дүүрэгт орон нутаг судлах, сурталчлах зориулалт бүхий 265 музей, үзвэрийн танхим бий.

 

ХУУЛИЙН ТӨСӨЛ

 admin  2021-02-14  0

Засгийн газраас 2020 оны тавдугаар сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй.

Өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаан болон байнгын хороодоор уг төслийг авч хэлэлцсэн.

Музейн тухай бие даасан хууль байгаагүй. Манай улсад музейн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан дүрэм, журмаар зохицуулж иржээ. Өөрөөр хэлбэл ерөнхий харилцааг зохицуулж ирсэн тул музейн асуудал хуулийн зохицуулалтгүй өнөөдрийг хүрчээ.

Тиймдээ ч музейн үйл ажиллагааны санхүүжилт төрөөс шууд хамааралтай, үзмэр цуглуулахад зориулсан төсөв хангалтгүй, худалдан авах эрх зүйн зохицуулалт тодорхойгүй улмаас соёлын үнэт зүйлсийг хил дамжуулан худалдах нөхцөлийг бүрдүүлж, зарим эд зүйлс ховордох зэрэг эрсдэл учирч байгаа гэж хууль санаачлагч үзсэн байна.

Үүнээс гадна соёлын үнэт өвөө хамгаалах чиглэлд тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл чухал ач холбогдолтойг хууль санаачлагч онцолжээ.

ТӨРИЙН ӨМЧИЙН 12, ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН 24 МУЗЕЙ БИЙ

Манай улсад орчин цагийн музейг 1924 онд байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар хуулийн этгээдийн бүртгэлтэй, төрийн өмчийн 12 музей, орон нутгийн өмчийн 24 музей үйл ажиллагаа явуулж байна.

Мөн Монголбанк, Хил хамгаалах, Онцгой байдлын, Цагдаагийн, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллага, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн, Археологийн, Палеонтологийн хүрээлэн зэрэг эрдэм шинжилгээний байгууллага, Шинжлэх ухаан, технологийн, Хөдөө аж ахуйн, Анагаахын шинжлэх ухааны үндэсний, Улаанбаатар болон “Их Засаг” олон улсын их сургууль зэрэг их, дээд боловсролын байгууллагуудын дэргэд 16 бэсрэг музей, үзвэрийн танхим, Олон улсын оюун ухааны, “Данзанравжаа”, Монголын Уламжлалт Анагаах Ухааны, Чингис хааны өв соёлын, Хэлмэгдэгсдийн дурсгалын, Монгол костюмс, Цагаандариум музейнүүд болон галерей зэрэг тогтмол үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн 10 гаруй музей үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн, сум, дүүрэгт орон нутаг судлах, сурталчлах зориулалт бүхий 265 музей, үзвэрийн танхим бий гэж Засгийн газрын танилцуулгад дурджээ.

МУЗЕЙ СОЁЛЫН ҮНЭТ ЗҮЙЛИЙГ ЦУГЛУУЛЖ, ХАДГАЛЖ, ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛНЭ

Өргөн бариад буй хуулийн төсөл таван бүлэгтэй. Нийтлэг үндэслэл хэсэгт хуулийн зорилгыг тодорхойлж, музейн тухай хууль тогтоомж, хамрах хүрээг тогтоож, хуульд хэрэглэсэн нэр томьёоны тайлбарыг, хоёрдугаар бүлэгт музейн ангилал, чиг үүрэг, үйл ажиллагааны зохион байгуулалттай холбогдсон зохицуулалтыг, гуравдугаар бүлэгт музейн сан хөмрөгийн асуудлыг, дөрөвдүгээр бүлэгт музейн аюулгүй байдлын асуудлыг, тавдугаар бүлэгт музейн ажилтны ёс зүйн асуудлыг тус тус оруулжээ.

Ингэхдээ музей гэж юу вэ гэдгийг тодорхойлсон байна. Тодруулбал музей гэдэг нь соёлын үнэт зүйлийг цуглуулах, судлах, хадгалах, түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус соёл, шинжлэх ухааны байгууллагыг хэлнэ гэжээ.

Музейн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгох бөгөөд тусгай зөвшөөрлийг хугацаа 8 жил байхаар тусгасан байна. Чуулганы хуралдааны үеэр зарим гишүүд найман жил гэдэг хугацаа бага байгааг хэлээд сунгах санал гаргаж байв.

СОЁЛЫН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ, НЭЭЖ ИЛРҮҮЛЭН, ОЛЖ АВНА

Музейн эрхлэх асуудлын тухайд дараах байдлаар тусгажээ. Ингэхдээ зөвхөн үзмэрүүдийн арчлалт хамгаалалт, үзүүлэн таниулах бус сан хөмрөг бүрдүүлэх чиглэлээр тусгайлсан үүргүүдийг зааж өгсөн байна. Үүнд:

  • соёлын үнэт зүйлийг эрэн сурвалжлах, нээж илрүүлэх, олж авах;
  • үзмэрийг бүртгэх, баримтжуулах, музейн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх;
  • Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасны дагуу бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх; үзүүллэг дэглэх, үйлчлэх;
  • гадаад, дотоодод үзэсгэлэн зохион байгуулах;
  • боловсрол, танин мэдэхүйн ажил зохион байгуулах;
  • сургалт зохион байгуулах;
  • эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх, үр дүнг хэвлүүлэх, түгээх;
  • гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;
  • үзмэрийг гадаад, дотоодын үзэсгэлэнд оролцуулах;
  • иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн соёлын үнэт зүйлийг түр хугацаагаар үзэсгэлэн, үзүүлэгт дэглэж ашиглах;
  • хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагааг явуулж болно гэжээ.

Чингис хааны музейн том барилга сүндэрлүүлж байгаа ч тэр дотор нь тавих үзмэр байхгүй гэдгийг зарим гишүүн хэлсэн бөгөөд музейн сан хөмрөгийг нэмэгдүүлэх чиглэлээр төсвөөс худалдан авах зардлыг нэмж батлах ёстой гэсэн байр суурийг гишүүд илэрхийлж байв.

Харин төлбөрийн тухайд музейн үйлчилгээ 16 нас хүртэлх насны хүүхдэд үнэ төлбөргүй байхаар тусгасан байна. Соёлын сайд өнгөрсөн есдүгээр сард тушаал гарган музейг хүүхдүүдэд үнэгүй байх шийдвэрийг гаргасан. Харин хүүхдүүд үнэгүй музей үздэг асуудлыг хугацаатай тушаалаар бус хуульчлахаар болж байна.

Харин 16 ба түүнээс дээш насныхан болон гадаадын жуулчдад хэдэн төгрөгийн үнээр үзмэрээ үзүүлэх шийдвэрийг музейн захирал тогтооно. Мөн төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг ч үзүүлж болох юм.

Музейн сан хөмрөгийн тухайд музейн сан хөмрөгт үзмэр оруулах, сан хөмрөгөөс үзмэр гаргах хөдөлгөөнийг дүрмээр зохицуулах бөгөөд дүрмийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэжээ.

СОЁЛЫН ҮНЭТ ҮЗМЭРИЙГ ОЛООД АМРАЛТЫН ГАЗАР, АЙМГИЙНХАА ҮҮДНИЙ ХААЛГАНД ХҮРТЭЛ БАЙРЛУУЛСАН БАЙДАГ

Музейн бүх үзмэр нь сан хөмрөгт авсан он, музейн захирлын шийдвэрийн дугаар, тухайн шийдвэрт заасан дэсийн дугаар бүхий хувийн дугаартай байх бөгөөд музейгээс өөр газарт хадгалах, музейн захирлын зөвшөөрөлгүй бусдад дамжуулах, хэсэгчлэн болон бүтнээр нь хувилан олшруулах, засварлахыг хориглохоор тусгасан байна.

Мөн иргэдийн соёлын өвийн талаар ойлголтыг шат дараатай нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг салбарын сайд онцолсон. Иргэд мэдлэггүйгээс үүдэн соёлын үнэт үзмэрийг олоод амралтын газар, аймгийнхаа үүдний хаалганд хүртэл байрлуулсан байдаг гэдгийг чуулганы танхимд онцолж байв.

Музейн барилга байгууламжийн тухайд манай улсад шаардлага хангасан нь цөөн бөгөөд олон улсаас үзмэр авчирч үзэсгэлэн дэлгэхэд тулгардаг нэг асуудал нь энэ гэдгийг Соёлын сайд С.Чулуун хэлж байсан юм. Энэ тал дээр ч түлхүү анхаарах ёстой бөгөөд музейн байршлын тухайд хог хаягдлын төвлөрсөн цэгээс 2000 метрийн, шатахуун түгээгүүр, тэсэрч дэлбэрэх, дэгдэмхий бодис хадгалах барилга байгууламжаас 1000 метрийн дотор музейн барилга байгууламж барих зөвшөөрөл олгох, музейн үйл ажиллагаа явуулахыг хориглохоор тусгасан байна.

Та Музейн тухай хуулийн төсөлтэй ЭНД дарж танилцах боломжтой.

3 жилийн өмнө
Мэдээ, мэдээлэл
6 төрлийн 16 олдворыг АНУ-аас буцаан авч ирэв
Дэлгэрэнгүй
Музейн нээлттэй өдрүүд үргэлжилсээр…
Дэлгэрэнгүй
Байгалийн Түүхийн Музейд Музейн нээлттэй өдрүүд эхэллээ
Дэлгэрэнгүй
Байгалийн Түүхийн Музейн ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ
Дэлгэрэнгүй
“МОНГОЛЫН ЭРТНИЙ ДАЛАЙН АМЬДРАЛ – ЭРДЭМТЭН, ПРОФЕССОР Ч.МИНЖИНГИЙН ПАЛЕОНТОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААНД ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР” тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Дэлгэрэнгүй
ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАМНАН ХУДАЛДААЛАГДСАН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОРУУДЫГ БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ ХҮЛЭЭН АВЛАА
Дэлгэрэнгүй
Байгалийн түүхийн музейд болзох 5 шалтгаан
Дэлгэрэнгүй
Байгалийн Түүхийн Музейн туулай жилийн онцлох 9 ажил
Дэлгэрэнгүй
Байгалийн түүхийн музейгээс эрхлэн хэвлүүлдэг “Байгалийн өв судлал” эрдэм шинжилгээний цуврал сэтгүүлийн 2024 оны шинэ дугаарт өгүүлэл авч эхэллээ
Дэлгэрэнгүй
НҮБ-ын ХХААБ (FAO) “Тэмээн Овогтын Олон Улсын Жил 2024” нээлтийн арга хэмжээг Байгалийн Түүхийн Музейд зохион байгууллаа
Дэлгэрэнгүй
Холбоо барих
Тусгаар тогтнолын талбай – 1 Улаанбаатар – 15141 Монгол Улс
(+976)- 7000 0171, (+976) 51-262609,
Санал хүсэлт илгээх